Эмийн үйлдвэр , Эрүүл мэнд

2018-04-12 - Эрүүл мэндэд ашигтай 5 хоол хүнс

Хүний эрүүл мэндэд ашиг тустай, стрессийг анагаагч, тэр байтугай зүрхний өвчинг эдгээж, чихрийн шижингийн эсрэг үйлчилдэг чухам ямар “Супер хүнс” байдаг тухай CNN агентлаг Америкийн алдартай эрдэмтэдтэй уулзаж ярилцан тусгай сурвалжлага бэлтгэн 2 дугаар сарын 18-ны өдөр өөрийн сайтдаа нийтэлжээ. Эрдэмтэд доор дурдсан таван хүнсийг “Супер 5-н хүнс” хэмээн нэрлэж ач тусыг нь дэлгэснийг уншигч таньд хүргэж байна.

Нэрс жимсний анагаах шид

Нэрс, гүзээлзгэнэ, цангис /нэг төрөл болох аньс нь Монголд ургадаг/ зэрэг байгаль дээрх өөр олон жимснүүд хүний эрүүл мэндэд ашиг тустай нь тогтоогдсон, хамгийн их судлагдсан бүтээгдэхүүн юм.

Жишээ нь шээсний замын үрэвсэлт өвчинд цангис маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг бол нэрс нь тархины ой санамжийг сайжруулж, мэдрэлийн ядаргаанаас хамгаалдаг болох нь нэгэнт тогтоогдсон юм. "Нэрс жимс нь цусны даралт багатай хүнд эерэгээр нөлөөлдөг нь мэдэгдсэн" хэмээн АНУ-ын Хоол судлалын академийн төлөөлөгч Жой Дабост мөн нэмж баталж байна.   

Жимсний ашиг шимийн талаар маш их судалгааны ажил хийсэн АНУ-ын Тафтын Их сургуулийн эрдэмтдийн нэг Барбара Шукит-Хейл "Нэрс жимсэнд мэдрэлийн эс нейронд ашиг тустай олон элемент байдаг... Бид нэрс жимс хүний санах ойг сайжруулдаг болохыг туршилтаар харуулсан шүү дээ" хэмээн ярьсан юм.

“Тэгвэл өдөрт хүн хэр их нэрс хэрэглэх ёстой вэ?” гэсэн асуултад доктор Барбара “Өдөрт нэг жижиг аяга байхад хангалттай” гэж хариуллаа.

Нэрс жимсийг хөгшрөлтийн эсрэг, тамхины хор хөнөөлийн эсрэг, эсвэл хэт их тослог ихтэй хоол хэрэглэдэг бол, мөн стрессийн эсрэг хэрэглэх нь зохимжтой. “Харин хоолны дэглэм барьдаг хүмүүс аминдэмээ нөхөх, тэнцвэржүүлэх зорилгоор хэрэглэж болохгүй” хэмээн тэрээр эцэст нь анхааруулсан юм.

Нийгмийн эрүүл мэндийн Харвардын их сургуулийн тархвар, хоол тэжээлийн ухааны профессор Эрик Римм нь зүрх судасны өвчний эсрэг жимсний ашиг тусын талаарх судалгааны ажлаараа нэрд гарсан эрдэмтэн юм. Тэрээр "Үнэхээр нэрс жимс хүний бие организм хоёрын хооронд харилцан холбоо байдаг. Нэрс хэрэглэснээр хүмүүсийн цусны даралт ихсэх, зүрхний өвчин, цус харвалт буурсан нь үнэн" гэж нэрс жимсний тухай ярьж байлаа.

НАСА агентлаг хархан дээр хийсэн хэд хэдэн туршилт, судалгааны явцад сансар дахь цацрагийн хор хөнөөлөөс нэрс жимсэн дэх антиоксидант болон үрэвслийн эсрэг бодис хамгаалж буйг тогтоосон байдаг ажээ.

Самар, самар дахиад самар

Таны эрүүл мэндэд ашиг тустай байгалийн гаралтай бүтээгдэхүүн бол самар юм. Тэр тусмаа Тафтын Их сургуулийн эрдэмтдийн баг “Хушган дотор байх нэгдлүүд нь аминдэмийн төгс шуурга” хэмээн тодорхойлсон байна. Хушга нь хүний санах ойг сайжруулахаас гадна бие махбодийн хөдөлгөөн, хяналтыг зохицуулж байдаг мэдрэлийн эсүүдэд ашиг тус ихтэй ажээ.

АНУ-ын Хоол судлалын академийн төлөөлөгч Жой Дабост “Хушганд полифинол, мелатонин, фолийн хүчил болон Омега-3 зэрэг нэгдлүүд нь олон тоогоор агуулагддаг. Онцлог нь эдгээр бодисууд бүгд хамтдаа системтэйгээр матриц маягаар ажилладаг явдал" гэж хэлсэн юм. Эдгээр нэгдлүүдийг дангаар нь өндөр тунгаар хэрэглэвэл маш хортой бөгөөд зөвхөн хушган дахь эдгээр бодисын нийлэмж нь хүний биед эерэгээр нөлөөлдөг байна. Цус харвах, зүрхний шигдээс өвчнөөс хамгаалдаг хамгийн сайн хүнс бол самар болон хушга юм. Гэхдээ их хэмжээгээр самар, хушгийг хэрэглэх нь хэт их калори үүсгэж биед сөрөг нөлөө учруулах аюултайг Харвардын их сургуулийн тархвар, хоол тэжээлийн ухааны профессор Эрик Римм анхааруулж байна.

Омега-3 нь зүрх судас, мэдрэл ой санамж, нүдний хараа болон дархлааны системд эерэгээр нөлөөлдөг.  Мөн арьсыг илүү залуу, өнгөлөг харагдуулдаг. Омега-3 тосны хүчил нь загасны маханд их хэмжээгээр агуулагддаг. Харин загасны маханд дургүй хүмүүс самарнаас энэ хүчлийг орлуулан авч болно.

Гайхамшигтай мөөг

Хүний биед ашигтай антиоксидант бодис агуулж байдаг "Мөөгөнцрийн хаант улс гайхалтай" хэмээн судалгааныхаа ажилд тулгуурлан АНУ-ын Хоол судлалын академийн төлөөлөгч Жой Дабост хэлсэн юм.

"Олон хүмүүс мөөгийг тэжээллэг гэж бодохгүй байна гэж хэлдэг. Үнэндээ шим тэжээлээр баялаг ургамал бол мөөг шүү дээ” хэмээн тэрээр нэмж хэлэв. Мөөгөнд байх уураг, амин дэм зэрэг олон чухал шим тэжээлт бодис, бусад нэгдлүүдийн ач холбогдол нь өндөр юм. Мөөгөн дэх үрэвслийн эсрэг нэгдлүүд болон кали, В аминдэмүүд нь хүний бие организм, генд хүртэл гайхалтай нөлөө, тусыг хүргэж байдаг нь тогтоогдсон хэмээн Жой Дабост ярьж байлаа. Гэхдээ энэ төрлийн хүнсний бүлгийн судалгааны ажил эхлэл төдий байгаа бөгөөд цаашид урт хугацааны судалгаа шинжилгээ шаардагдах ажээ.  

Тарианы бутлаагүй үрийн гурилан бүтээгдэхүүн

Бутлаагүй тариа буюу үр цацсан гурилан бүтээгдэхүүн нь хүний биед хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн. Эрүүл хооллолт, хоолны дэглэмд ч чухал үүрэгтэй. Бүдүүн гэдсэн дэх хорт бактериудыг устгадаг онцгой бодис болох лигнин тарианы үрэнд байдаг ажээ. Мөн цусны даралт ихтэй хүмүүс тарианы бутлаагүй үрээр хийсэн гурилан бүтээгдэхүүнийг хэрэглэвэл үр дүнтэй хэмээн Харвардын их сургуулийн тархвар, хоол тэжээлийн ухааны профессор Эрик Римм ярьсан юм.  

Цайны завсарлага буюу кофе

Цөөнгүй судалгаа кофег байнга хэрэглэх нь хор нөлөөтэй гэсэн байдаг. “Гэхдээ чихрийн шижин өвчтэй хүмүүс кофе хэрэглэх нь эерэг нөлөөтэй болохыг Америкад тогтоосон. Кофенд байх полифенол /Polyphenol/ - хлорогеникийн хүчил /chlorogenic/ нь маш хүчтэй антиоксидант юм. Чухам энэ бодис нь инсулиныг бууруулахад нөлөөлдөг" гэж Харвардын их сургуулийн тархвар, хоол тэжээлийн ухааны профессор Эрик Римм хэллээ. Кофен дэх уг бодис нь чихрийн шижин үүсгэдэг глюкозыг өөртөө хялбархан шингээж, нойр булчирхайг хордохоос хамгаалан багахаан ачаалал үүрүүлдэг байна. Мэдээж хэрэг, зарим нэг хүмүүс кофе уусны дараа толгой өвдөх, нойр хулжих зэрэг гаж нөлөө илэрдэг талаар профессор Эрик Римм үгүйсгээгүй юм.


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax