Эмийн үйлдвэр , Эрүүл мэнд

2018-04-12 - Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохисгүй хэрэглээ нь дэлхий даяар томоохон асуудал юм.

 Манай улс “Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай эм, био бэлдмэлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлогын эрхэм зорилго мөн” хэмээн тодорхойлдог.

2014 оны байдлаар манай улсад 1,496 эмийн сан, 32 эмийн үйлдвэр, 160 эмийн бөөний төв байна гэж бүртгэгдсэн байна. 

1994 оноос хойш 55 орны 485 гаруй үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 3600 гаруй төрлийн эм Улсын бүртгэлд бүртгэгдэж жилд дунджаар 591 төрлийн эм шинээр бүртгэгдсэн байна.

Нийт эмийн 23%-ийг дотоодод үйлдвэрлэдэг, зайлшгүй шаардлагатай 200 төрлийн эмийн 60 гаруй төрлийг дотооддоо үйлдвэрлэдэг. 

ОХУ, Энэтхэг, БНХАУ, Герман зэрэг гаднын 40 гаруй орноос 800 төрлийн эмийг импортоор авч байна. Нийт импортолж буй эмийн 25%-ийг антибиотик, 15 хувийг тарилгын хэлбэртэй эмүүд эзэлж байна. [Эмзүй сэтгүүл 2016 он, XI(50)]

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал. 

Эм нь зөвхөн жороор олгодог аюултай бүтээгдэхүүн юм. Эмийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого, харшил, дархлаа сулрах мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай.


Манай улсад эмийн зохистой хэрэглээ дараах олон шалтгаанаар алдагдаж байна. Үүнд:

-Эмийн зохисгүй хэрэглээний гол шалтгаан иргэд эмчид очихоос өмнө шууд эмийн сангаас дур мэдэн авч хэрэглэх

-Эмчийн зааврыг баримталдаггүй эмийн заавартай танилцдаггүй

-Эмийн талаар мэдлэг дутмагаас ижил төрлийн мэдлэг дутмагаас ижил төрлийн эмийг зэрэг авч хэрэглэснээс эмэнд хордох, эмчилгээ үр дүнгүй болох, өвчний шинж тэмдэг алдагдах зэрэг хортой үр дагавар илэрдэг.

-Эмч нар жор бичдэггүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд дунджаар 6-7 түүнээс олон эм бичдэг

-Антибиотикийг хяналтгүй хэрэглэдэг

-Тарилгын эмийг гэрийн нөхцөлд хийлгэдэг, халдвар хамгааллын дэглэм сахидаггүй.

-Хүүхдэд эм хэрэглэхдээ тун хэмжээ, хугацаа дэглэмийг баримталдаггүй

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим эмийг хэт шүтэх байдлаар илэрч болох гаж нөлөөг орхигдуулж өрөөсгөл сурталчилгаанд итгэж хэрэглэх

-Эмийн сангаас эмийг жоргүй олгодог, эмийг хэрэглэх аргыг зааж өгдөггүй

-Эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл сурталчилгааны ажил хангалтгүй

-Эмийг хэт олноор авч буруу хадгалдаг [Эмзүй сэтгүүл 2016 он, XI(50)]

-Хаяг, шошгогүй, хугацаа дууссан эм хэрэглэдэг

-Эм борлуулах, жор барих зөвшөөрөлгүй дамлан худалдаалдаг хүмүүсээс эм авдаг.


Эмийн үндсэн үйлчлэгч бодис гэж юуг хэлэх вэ?

-Эм нь үндсэн ба туслах бодисоос бүрддэг. Эмчилгээний гол үйлдэл үзүүлэх эмийн бодисыг үндсэн үйлчлэгч бодис гэдэг. Эмийн найрлага дээр үндсэн үйлчлэгч бодисын нэрийг хамгийн эхэнд нь бичсэн байдаг.

-Эм нь үйлдвэрлэгчээс хамааран нэг төрлийн үйлчлэгч бодис агуулсан боловч өөр нэртэй байдаг. Жнь: септрин гэж нэрлэж заншсан эм нь бисептол, дутрим, бактрим, ко-тримексазал г.м олон нэртэй байдаг.

-Та үндсэн үйлчлэгч бодисыг ялгаж мэдсэнээр ижил найрлагатай боловч өөр нэртэй эмүүдийг нэг дор хэрэглэснээс тун хэтэрч хордохоос урьдчилан сэргийлж чадна.

Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн өвчтөний биеийн онцлог, онош, насанд тохирох эмийг тохирсон тун хэмжээгээр, зохимжтой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.

-Эмийг буруу хэрэглэвэл таны эрүүл мэнд болон амь насанд аюул учруулж болно.

-Эмийн тун хэрэглэх хугацаа, дэглэмийг зөв баримтлахгүй, өвчин нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос өвчин хүндрэх, архагших, дасал болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.

-Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.

-Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.

-Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.

-"Хоолны үеэр ууна" гэж заасан байвал уг эмийг дангаар нь уусан тохиолдолд ходоодны салст бүрхэвчийг гэмтээдэг гэсэн үг. Тиймээс заавал хооллосны дараа хэрэглэ. Гэхдээ алим жимс, жигнэмгээр хооллохыг хэлж байгаа юм биш.

-"Усаар даруулна" гэсэн заавартай байвал ганц балга бус, нэг аяга ус ууна гэсэн үг. "Хоолны өмнө ууна" гэдэг нь хоол идэхээс хоёр цагийн өмнө уух ёстойг анхааруулж байна.

-Харшлын эсрэг эм, нойрны болон даралт бууруулах үйлчилгээтэй эмийг архины төрлийн ундаатай хольж уух нь таныг дүйнгэ унтаа юм шиг болгоно.

-Аспириныг жимсний сироп, элсэн чихэр найрлагад нь ороогүй шингэн жимсний шүүсээр даруулж болно.

- Хавдрын эсрэг эм уухдаа цус төлжүүлэх чадвартай загас, элэг, түрс, лийр зэргийг хэрэглэх нь зохимжтой.

-Та хэвтээгээрээ эм бүү уу. Огиулахаас гадна, хоолойд тээглэх аюултай.

-Хэрэглэх цаг, хэдий хугацаагаар хэрэглэх, уг эм ямар үйлчилгээг үзүүлдэг, ямар нэг гаж нөлөө бий эсэх, дахин үзүүлэх талаар эмчээс мэдээлэл сайн авах

Эмийг зөв хэрэглэхийн тулд:

-Эмийг өөрийн дураар биш эмчийн заавраар сонгон хэрэглэх.

-Эмийг хэрэглэхийн өмнө тухайн эмийн эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.

-Эмийг эмчийн зөвлөгөө болон “Хэрэглэх заавар”-ын дагуу тохирох тунгаар, хэрэглэх цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглэх.

-Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх.

- Хүүхдэд эм хэрэглэхдээ зөвхөн эмчийн заавраар өгөх.

-Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй.

-Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглэх.

-Элэг бөөрний өвчний үед тунг нарийн тохируулах шаардлагатай байдаг тул заавал эмчид үзүүлж зөвлөгөө авч хэрэглэх

-Эмийг хэрэглэх явцад эмийн зааварт зааснаар өөр ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдэх

-Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул эмийн шошго дээр заасан нөхцөлд зөв хадгалах

-Эмийг гэртээ нөөцлөн хадгалахгүй байх


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax